Шведийн боловсрол

Боловсролын систем

Шведийн боловсролын систем нь практик талдаа бас их чөлөөтэй. Уг хүн өөрөө юу сурахаа сонгож өөрийнхөө боловсролд анхаарахаас сургуулын зүгээс шахдаггүй. Энэ систем нь хувь хүний биеэ даасан чадварыг зайлшгүй шаарддаг. Өөрөө юу сурах хүсэлтэй байгаагаа сонгоод өөрөө хичээж сурах хэрэгтэй. Тиймээс өөрийгөө улам илүү нээж илрүүлэхэд тусалдаг юм шиг санагддаг.

Хичээл сонгохоос өмнө бүх хичээлийн тайлбар хөтөлбөр тавигдсан байх бөгөөд уг хичээлээр юу сурах, уг хичээлийг сонгохын өмнө ямар ямар хичээл үзсэн байх, уг хичээлийг төгссөний дараа ямар чадвартай болсон байх гэх мэт агуулагдсан байдаг.

Хамтран ажиллах дадал суулгадаг. Ихэнх хичээлүүд лекцээс гадна дадлага семинартай байдаг. Дадлага нь ихэвчлэн багаар ажиллах бөгөөд дадлагын дараа репорт бичдэг. Семинар дээр шинжлэх ухааны бүтээл (publication) уншаад түүнийгээ пресентейшин (presentation) тавих хэрэгтэй болдог. Энэ нь өөрийн хийсэн зүйлээ бусдад танилцуулах бичгийн болон ярианы дадал суулгахаас гадна багаар ажиллаж сурахад чиглэгдсэн байдаг. Мөн семинар болон дадлагын ажлаар шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг (critical mind) чухалд авч үздэг. Жишээ нь шинжлэх ухааны бүтээлийг (publication) уншаад ямар сул болон давуу тал байгааг тайлбарлах бөгөөд дадлагагаас гарсан үр дүн болон алдаа нь юуны улмаас гарсан үүнийг яаж засч болох вэ гэх мэт даалгавар өгөгддөг.

Хуулах асуудлыг энд их хурцаар хүлээн авдаг. Хэрэв репорт бичихдээ бусдын бичсэн өгүүлбэрийг хуулан бичээд уг зохиогчийн нэрийг дурьдаагүй нөхцөлд, эсвэл бусдын репортыг хуулсан байх, шалгалтан дээр бусдаас хуулсан нь илэрсэн тохиолдолд сургуулийн хуулийн дагуу 6 сар хичээлээс чөлөөгдөх хийгээд сургуулиас хөөгдөх ч тохиолдол гардаг. Энэ асуудлыг шинээр элсэгч оюутан бүрд сургуулийн танилцуулга дээр тодорхой анхааруулдаг.

Хичээл бүр нь оюутнуудад уг хичээлийг амьдралд яаж хэрэглэх вэ гэдэг дээр тулгуурласан байдаг учраас шалгалт ч гэсэн үүн дээр суурилсан байдаг. Ихэнх хичээлүүдийн шалгалтын асуулт гэвэл уг сурсан зүйлийг юунд ашиглах вэ, яагаад, давуу болон сул тал нь юу вэ, гэсэн ойлголт шалгасан асуултууд байдаг. Зүгээр ойлгоогүй цээжилсэн тохиолдолд хариулж чадахгүй бөгөөд бас уг асуудалд шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг шаарддаг. Шалгалт нь ихэнхдээ 5 цаг авдаг бөгөөд энэ нь өөрийн мэдэх зүйлээ цагийн шахалтгүй нээж гаргахад чиглэгдсэн байдаг. Шалгалтанд тэнцээгүй (50% с доош авсан) тохиолдолд дахин шалгалт өгч болдог нь их чөлөөтэй бөгөөд уг хичээлээр сурах ёстой зүйлээ сурсан нь гол гэж тооцдог.Үүнд бас хувь хүний биеэ даасан чадвар их хэрэгтэй. Яагаад гэвэл их чөлөөтэй, ямар нэгэн шахалт байхгүй нөхцөлд хувь хүн өөрөө өөрийгөө шахаж илүү биеэ даасан болоход тусалдаг юм шиг.  

Дүгнээд хэлэхэд, Шведийн боловсролын систем нь хувь хүнийг биеэ даасан хүн болгож хөгжүүлэхэд их анхаардаг. Шүүмжлэлтэй хандах сэтгэлгээ, даалгасан зүйлийг цагтаа хийх, сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлэх дадал зуршлыг суулгадгаараа авууштай тал ихтэй. Би хувьдаа Шведийн сургуульд сурснаар өөрийнгөө улам их нээн илрүүлж, юунд дуртай, аль чиглэлээр ажиллах сонирхолтой байгаагаа улам илүү өөрөөсөө хайх болсон бөгөөд өөрийн сонирхсон зүйлээ хийж байгаа болохоор улам их эрч хүчтэйгээр сурах  болсон.

  1. Leave a comment

Leave a comment