Ажлын гэрээний виз хүсэх

Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух хүсэлт гаргах

Энэхүү нийтлэлийг бичихдээ өмнө нь интернетэд тавигдаж байсан мэдээлэл болон Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөл хүсч, авсан хүмүүсээс зөвөлгөө авч нэгтгэж бичлээ. Танд хэрэгтэй нэг ч гэсэн зүйл байгаа бол цаг гарган бичсэний хэрэг бүтлээ.

 Та хамгийн түрүүнд өмгөөлөгчтэй уулзаж өөрийнхөө нөхцөл байдлын талаар зөвлөлдөж, зөвөлгөө аваарай.

Стокхолм хотын төвд байрлах олон Монголчууд үйлчлүүлдэг нэгэн өмгөөлөгчийн нэр, холбогдох утсыг доор бичье.

Өмгөөлөгчийн товчоо: HANS BREDBERG AB

Өмгөөлөгчийн нэр: Andreas karlsson

хаяг: Scheelegatan 1, 2tr. 112 23 Stockholm

утас: 08-611 73 20

факс: 08-651 10 00

Урьдчилж цаг захиалах ёстой ба Монгол хэлний орчуулагч авъя гэдгээ хэлээрэй. 1 цагийн төлбөр нь орчуулагчийн хөлс нь ороод 700 крон.

Нийтлэлийн хураангуй:

1. Швед улсад цагаачлал хүсэгч нь өөрийн цагаачлалын статусыг ажил эрхлэх статусаар сольж болно. Энэ тохиолдолд Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийг Монгол буцалгүйгээр Шведэд хүсч, шийдвэрлүүлж авна.

2. Швед улсын гаднаас буюу гадаад орнуудад байх Швед улсын элчин сайдын яаманд хүсэлт гаргаж, шийдвэрлүүлж авч болно.

3. Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөлийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргах.

4. Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөл авсаны дараа

5. Нэмэлт / Норвеги улсын Осло хотод байрлах Шведийн ЭСЯ-нд өргөдлөө аваачиж өгөх үед анхаарах зүйл /.

6. Ашигласан материал, веб холбоос.

1. Ажлын гэрээнд Швед улсаас өргөдөл гаргах

Швед улсад цагаачлал хүсэгч нь өөрийн цагаачлалын статусыг ажил эрхлэх статусаар сольж болно. Энэ тохиолдолд Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийг Монгол буцалгүйгээр Шведэд хүсч, шийдвэрлүүлж авна.

2008 оны 12 сарын 15-наас Шведэд гадаадаас ажиллах хүч авах журамд өөрчлөлт оруулж одоог хүртэл хэрэгжиж байгаа. Энэхүү шинэчлэлээр цагаачлал хүсэгч нь “зорилгоо өөрчлөх” боломжтой болсон. Өөрөөр хэлбэл цагаачлал хүсэгчийн статусыг ажил эрхлэх статусаар солино гэсэн үг юм. Энэ тохиолдолд Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийг Монгол буцалгүйгээр Шведэд хүсч, шийдвэрлүүлж авч болох болсон.

“Зорилгоо өөрчлөх“ үндэслэлийг дараах нөхцөл бүрдсэн үед гаргана.

а) Цагаачлалын асуудал хаагдсан өөрөөр хэлбэл нутаг буцах шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор багтаж Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргах.

б) Цагаачлал хүсэгчийн журмаар байх хугацаандаа AT-UND / цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрхийн зөвшөөрөл / -тэйгээр 6 сараас дээш тасралтгүй ажилласан, нэг сарын цалин нь хамгийн багадаа татвар төлөхөөс өмнө 13000 крон авсан, долоо хоногт доод тал нь 30 цаг ажилласан байх ёстой.

в) Цагаачлал хүсэгчийн журмаар байх хугацаандаа ажиллаж байгаа газраасаа доод тал нь 12 сарын хугацаанд ажлаар хангана гэсэн амлалт бүхий ажил олгох санал авсан байх. Ажил олгох саналын анкет “Blankett 232011 – Anställningserbjudande” .

г) Ажиллуулах нөхцөл сайн байх шаардлагатай, үүнд: Ажил олгогч нь ажил эрхлэгчид хамаарах хуулийг мөрдөхөөр үйлдвэрчний эвлэлтэй гэрээ байгуулсан байвал сайн, үгүй бол ажиллуулах нөхцөл тус салбарын шаардлагад нийцэх хэрэгтэй. Цалин амьжиргаанд хүрэлцэхүйц байх буюу татвар төлөхөөс өмнө доод тал нь сард 13000 крон байх.

д) Үйлдвэрчний эвлэлээс ажиллуулах нөхцөл дээр үнэлэлт дүгнэлт илэрхийлсэн бичиг байх.

е) Хүчинтэй паспорт /хүчинтэй байх хугацаа нь Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөлийн хугацаанд байх /.

ж) Сүүлийн 6 сарынхаа цалингийн тодорхойлолт заавал хавсаргах.

з) Визний өргөдлийн хураамж 2000 крон.

и) Өргөдлийг цагаачлалын албаны вэб хаягаар электрон хэлбэрээр явуулах эсвэл цагаачлалын албаны зөвшөөрлийн нэгж (tillståndsenheten) дээр өгнө.

к) Татгалзсан хариу авбал даван заалдах эрхгүй.

1.1

Цагаачлал хүсэгч “зорилгоо өөрчлөх” боломжгүй, цагаачлал хүсэгчийн статусыг ажил эрхлэгч статусаар солиж болохгүй, өөрөөр хэлбэл Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийг Монгол буцалгүйгээр энд хүсэж, шийдвэрлүүлж, авч чадахгүй тохиолдол, үүнд:

а) Цагаачлалын асуудал хаагдсан өөрөөр хэлбэл нутаг буцах шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор багтаж Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийн өргөдөл гаргаагүй тохиолдолд.

б) Цагаачлал хүсэгчийн журмаар байх хугацаандаа AT-UND буюу цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрхийн зөвшөөрөлтэйгээр багадаа 6 сар ажиллаж чадаагүй, нэг сарын цалин нь татвар төлөхөөс өмнө 13000 крон хүрч ажиллаагүй, сарын цалин нь тогтмол байгаагүй, долоо хоногт доод тал нь 30 цаг ажиллаагүй тохиолдол орно.

2. Швед улсын гаднаас буюу гадаад орнуудад байх Швед улсын элчин сайдын яаманд хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх

Мэргэжил, нас, хүйс, хэлний мэдлэг харгалзахгүйгээр визний хүсэлт гаргах эрхтэй. Хамгийн чухал нь таныг доод тал нь 12 сарын хугацаанд ажлаар хангаж, нэг сарын цалин нь хамгийн багадаа татвар төлөхөөс өмнө 13000 крон, долоо хоногт доод тал нь 30 цаг ажиллах ажлаар хангаж чадах Шведийн ямар нэгэн байгууллага, компани олсон байх хэрэгтэй.

а) Юун түрүүнд ажил олгогчтойгоо өөрийн xийx ажил үүрэг, цалин, гэрээ, даатгал гэx мэт нийгмийн хамгааллын олон асуудлыг нарийн сайн ярилцаx нь чуxал.

б)  Ажлыг зарлах:
Ажил олгогч нь тус ажлыг 10-с доошгүй хоногийн хугацаанд Ажил зуучлалын товчоо – Arbetsförmedling-ийн сүлжээгээр зарлах хуультай байдаг. Ингэснээр зөвхөн Швед, Европын Холбооны болоод бүх ажил хайгчдад ажилд орох өргөдөл гаргах тэгш эрхийг олгодог. Европын холбооны орнуудад уг ажлын зар автоматаар тавигддаг бөгөөд тус сүлжээг EURES гэнэ. Ажлын зарлалыг тус товчооны вэб хуудасны Annonsera direkt хандалтаар, товчооны олон нийттэй харьцах утсаар эсвэл товчоо руу очиж тавьж болно. Тус ажлыг зарласныг Цагаачлалын албанд мэдэгдэхийн тулд Ажил олгох санал дээр (Anställningserbjudande) ажлыг хаана, хэзээ зарласан болон зарлалын дугаар (annons-ID) эсвэл EURES дугаар бичнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ams.se xуудаснаас үзэж болно.

в) Ажилд аваx туxай зараа бичиxдээ тун анxааралтай xандаарай гэж ажил олгогчдоо зөвлөөрэй. Жишээ нь: зүгээр нэг тогооч биш Special kock, эсвэл Chefkock г.м. Монголоос тогоочийн курс, /1-ээс доошгүй жил сурсан гэсэн/ дамжаа төгссөн сертификат эсвэл ямар нэг батламж англи xэл дээр бэлдсэн байxад визэнд ороx үед илүүдэxгүй.

г) Дараа нь Migrationsverket-ийн xуудсанаас Anställningserbjudande буюу 232011 гэсэн анкетийг авч xолбогдоx xэсгийг ажил олгогчоор бөглүүлнэ.

д) Үйлдвэрчний эвлэлийн дүгнэлт:
Ажлын саналд “ Yttrande från berörd facklig organisation “ xэсгийг тус тусын салбарын facket (Монголоор салбарын ажил эрхлэгчийн эрx ашгийг xамгаалаx байгууллага, мөн үйлдвэрчний эвлэл гэж ойлгож болно)-с ажил олгогчийн санал болгож байгаа ажлын санал /цалин, ажлын цаг, амралт г.м/ нь Шведийн xөдөлмөрийн xууль, ажил эрхлэгчийн эрx ашигт нийцэж байгаа талаарх дүгнэлтээ гаргаж заавал бөглөx учиртай. Үйлдвэрчний эвлэл тус санал дахь цалин, даатгал болон бусад ажиллуулах нөхцөл дээр дүгнэлт хийнэ. Эдгээр нөхцөлүүд Шведийн үйлдвэрчний эвлэл болон ажил олгочдын холбооны хамтарч баталсан Нэгдсэн тохиролцооноос (Kollektivavtal) эсвэл тус салбарт нийтлэг мөрдөгддөг нөхцөлөөс доогуур байж болохгүй.
е) Ажил олгогч Нэгдсэн тохиролцоонд нэгдээгүй нөхцөлд тус салбарт ажилладаг үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчөөр дүгнэлт гаргуулна.
ж) Ийм дүгнэлт хийгдээгүй өргөдөл ирэхэд Цагаачлалын алба үйлдвэрчний эвлэлд хандаж, дүгнэлт гаргах болно. Цагаачлалын алба ажиллуулах нөхцөл дээр мөн өөрийн дүгнэлт хийнэ. Ажиллуулах нөхцөлд даатгал багтах ёстой. Тэр нь Нэгдсэн тохиролцоо эсвэл тус салбарт нийтлэг мөрддөг даатгалын доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Нэгдсэн тохиролцоонд нэгдсэн компаны ажил эрхлэгчид ажлын үеийн осол гэмтэл, өвчин, амь насны болон тэтгэврийн тус тус даатгалд хамрагддаг.
з) Энэxүү дүгнэлтийг авсны дараа элчин сайдын яаманд виз xүссэн өргөдөлөө бөглөж өгөx нөxцөл бүрдэнэ. Иxэнx тоxиолдолд та Бээжин дэx Шведийн элчин сайдийн яам, мөн Норвегийн Осло хотод байрлах Шведийн элчин сайдын яаманд очиж өргөдөлөө өгнө.

и) Визний өргөдлийн хураамж 2000 крон.

к) Хүчинтэй пасспорт /хүчинтэй байх хугацаа нь Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх /.

л) Визний xариу xүлээx хугацаанд болон материал бүрдүүлэлтэнд г.м ажил олгогчийн xөөцөлдөлгөө маш чуxал учраас ажил олгогчтойгоо маш ойр xарьцаатай байж маш зөв аргаар, Migrationsverket рүү xариуцсан ажилтантай нь ажил олгогч чинь өөрөө яриx нь нэн тустай.

3. Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргах.

Өргөдлийг электрон хэлбэрээр гаргахад таньтай хамт таны гэр бүлийн хүмүүс (гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагч, 21-ээс доош насны хүүхэд) өргөдөл гаргах бол бүгд нэг электрон өргөдөл гаргана. Анхаар: Цагаачлал хүсэгчийн дагалдах хүүхдийн нас 18-аас хэтэрч болохгүй.
(Та өргөдлийг цаасан хэлбэрээр гаргавал таны гэр бүлийн хүмүүс “Ansökan för medsökande till arbetstagare/gästforskare/idrottsutövare/företagare” (анкет 132011) бөглөнө.)
Электрон өргөдөл гаргахад дараах зүйлийг бэлтгэнэ:
1. Мэйл хаяг.
2. Өргөдлийн хавсралтуудыг сканнердаж файл хэлбэрт оруулсан байх (жишээ нь таны болон гэр бүлийн хүмүүсийн тань пасспортны хувь).
3. Шведэд ажиллуулах Ажлын санал (анкет 232011).
4. Төлбөрийн карт (Visa, Master Card, American Express) эсвэл Nordea эсвэл SEB-ийн интернэт банкаар төлбөр хийх боломжтой.
Электрон өргөдөл гаргахын тулд та өөрийн мэйл хаягийг Цагаачлалын албанд бүртгүүлнэ. Бүртгүүлсэнээр Цагаачлалын алба танд тэр даруй электрон өргөдөл гаргах линкийг мэйлээр явуулна. Мэйлээ бүртгүүлэх үед таныг гэр бүл, хүүхэдтэй эсэхийг асууна, хэрвээ тийм бол танд гэр бүлийн гишүүн багтаасан өргөдлийн линк явуулна. Та өргөдлийг бөглөж дуусаад электрон хэлбэрээр эргээд явуулна. Цагаачлалын алба тэр дор нь таны мэйл руу өргөдлийг тань хүлээн авсан тухай мэдэгдэл явуулна.
Анхаар: Та өргөдлийг бөглөх үед гэрийн хаяг гэсэн хэсэгт таслалын тэмдэг тавих боломжгүй, тэрний оронд зай авч болно.
Электрон өргөдлийн бүх асуултад хариулсны дараа Sammanställning och bilagor гэдэг нүүрэн дээр очно. Тэр нүүрэн дээр хавсралтуудыг (компьютерийн файл хэлбэрээр) явуулна. Анхаар: Нэг файл 1MB-аас илүү хэмжээтэй байж болохгүй.
Танд цаанаас шаардсанаас гадна өөр хавсралт бий бол тэрийг нэг файл болгож сүүлийн хавсралт болгож явуулна.

Та электрон өргөдлийг эргэн хянаж, шаардлагатай бол засаж болно. Үүний дараа та өргөдөлд өгсөн мэдүүлгийг үнэн гэдгийг батлана. Үүний дараа та оршин суугаа газрынхаа элчин сайдын яам руу хариугаа авах тухай сонголт хийж бөглөнө.
Specifikationen гэдэг хэсэгт та 2000 кроны төлбөр хийнэ. Таны гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагчийн хураамж 1000 крон байна. 18 хүртэлх насны хүүхдийн хураамж 500 крон байна.
Өргөдлийн хураамжийг төлбөрийн картаар (Visa, Master Card, American Express) эсвэл Nordea эсвэл SEB-ийн интернет банкаар төлнө. Төлбөрийг электрон өргөдөл дээр хийнэ. Төлбөр төлөхгүйгээр электрон өргөдөл гаргаж чадахгүй бөгөөд уг бөглөсөн өргөдлийг хадгалах боломжгүй тул бөглөсөн тэр даруйдаа төлбөрөө төлж байж өргөдөл дуусна. Анхаар: Зарим Visa картаар төлбөр хийх боломжгүй байгаа.

Цагаачлалын алба шийдвэрээ гаргасны дараа таны мэйл руу мэдэгдэл явуулна. Та ажлын эрхийн зөвшөөрлийг Шведийн элчин сайдын яам дээр очиж авна. Ажлын эрхийн зөвшөөрөл таны пасспорт дээр тавигдана. Та зөвшөөрлийг биеэрээ очиж авна мөн 2 хувь цээж зураг авч очно.

4. Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөл авсаны дараа

а) Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөл нэг удаад дээд тал нь 2 жилээр олгогдоно.

б) Гэр бүлийн хүн болон хүүхдүүд Шведэд түр зуур оршин суух эрх (UT) хүсч, Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийн цаад хугацаа хүртэлх UT авна.

в) Ажилгүй болвол 3 сарын дотор өөр ажил олгогчоос ажил олж болно, олж чадахгүй бол нутаг буцах ёстой. Заримдаа үүний улмаас Швед улсад түр хугацаанд ажиллаж, амьдрах визний шинэ өргөдөл гаргах хэрэгтэй болдог.

г) Швед улсад түр хугацаанд ажиллаж, амьдрах виз нь 1 жилээр олгогдсон бол дахин 1 жилээр тус ажил олгогчтой гэрээ байгуулж визийг сунгуулж болно.

д) Виз сунгуулах гэж төлөвлөж байгаа бол визний хугацаа дуусахаас 6 сарын өмнө цагаачлалын албанд виз сунгуулах тухай өргөдөлөө өгөх ёстой.

е) Нэг ажил олгогч дээр 2 жил ажилласны дараа, тус ажил олгогчтой эсвэл өөр ажил олгогчтой шинэ гэрээ |1-2 жил| байгуулж Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрөлөө сунгуулж болно. Шинэ ажил олгогчтой гэрээ байгуулж байгаа тохиолдолд өмнө нь хийж байсан ажил мэргэжилтэй ижил эсвэл тухайн салбартай ялигүй өөр ажил байх ёстой. Жишээ нь: хүйтэн хоолны тогоочын ажил хийж байснаа солиж байгаа ажил нь цэвэрлэгээний эсвэл барилгын ажил байж болохгүй, тухайн салбартаа л байх ёстой.

ж) Швед улсад түр хугацаанд ажиллаж, оршин суух зөвшөөрлийг нийт 4 жил авсаны дараа Шведэд байнга оршин суух зөвшөөрөл (PUT) хүсч, авах боломжтой.

5. Нэмэлт / Норвеги улсын Осло хотод байрлах Шведийн ЭСЯ-нд өргөдлөө аваачиж өгөх үед анхаарах зүйл /.

Хэрэв та Норвегийн Осло хотод байрлах Шведийн элчин сайдын яаманд очиж виз хүссэн өргөдлөө /анкет 232011, анкет 149011/ өгөх гэж байгаа бол хамгийн түрүүнд ЭСЯамнаас захиа хүлээж авах Норвегийн ямар нэг хаяг олох хэрэгтэй. Энэ хаягаа өөрийнхөө талаарх мэдээлэл бөглөх анкет 149011 дээр бичих ёстой.

а) Та виз хүссэн өргөдлөө биеэр очиж өгөх гэж байгаа үед бүрдүүлэх материал:

1. Анкет 232011

2. Анкет 149011

3. Гадаад пасспорт эх хувиараа

4. Гадаад пасспортны өнгөтөөр хувилсан хуулбар

5. 1 хувь цээж зураг

6. Визний өргөдөлийн хураамж 1700 норвеги крон / 2000 швед крон /

б) Сүүлийн үед өргөдлийн материал өгсөнөөс хойш 6 сар орчмын дараа визний хариу ирж байгаа бөгөөд ажил олгогч чинь 6 сар гаран хүлээх хэрэгтэй гэсэн үг. Визний хариуг ажил олгоч руу захиагаар явуулдаг. Та энэ захиаг мөн 1 хувь цээж зураг, гадаад пасспорттайгаа Осло дэх Шведийн ЭСЯамнд очиж визээ даруулна.

в) Швэдээс Осло руу явах :

Шведээс Осло орохдоо галт тэрэг эсвэл автобусаар явж болно. Автобусаар явах үед хил дээр заримдаа цагдаа зогсоож шалгадаг ба шөнийн автобусаар явбал шалгалтанд таарахгүй байх магадлалтай. SWEBUSS-ын автобусууд улс хооронд явдаг. SWEBUSS-ын тасалбарыг pressbyrån сүлжээ дэлгүүрээс авж болно. Стокхолмоос Осло орох тасалбар хоёр талдаа 1100 крон. Та эндээс явахдаа хоёр талын тасалбараа аваад явсан дээр гэж зөвлөх байна. Нэгд бага зэрэг хямд, хоёрт Ослогоос тасалбар олдохгүй байх магадлалтай. Стокхолмоос шөнийн автобус 23.00 цагт хөдөлж 06.00 цагт Ослогийн төв буудалд очдог.

Осло дэх Шведийн ЭСЯам ажлын өдрүүдэд 10.00 – 12.00 цагийн хооронд ажилладаг. Ослогын төв буудалын дэргэдэх автобусны буудлаас 30 эсвэл 31 номерын автобусанд сууж 15 минут орчим яваад ЭСЯамны буудал дээр бууж болно. ЭСЯам байрлах буудлын нэр нь Olav Kyrres plass. Автобусны нэг цагийн тасалбар нь 40 норвеги крон байдаг.

г) ЭСЯамны хаяг: Sveriges ambassad, Nobels gate 16, 0244 Oslo Norge

6.Ашигласан материал, веб холбоос.

1. http://www.swemon.info/

2. http://swemon.blogspot.com/

3. Н.Номун-Эрдэнэ “ Ажлын гэрээний тухай ”

4. С.Удвал “ Ажлын эрхийн талаар ”

………………………………………………………………………………………………

Материал бүрдүүлэх вэб холбоос болон үгсийн товчоон

Anställningserbjudande буюу 232011 :

http://www.migrationsverket.se/download/18.56e4f4801246221d25680002455/anst_erbj_232011_sv.pdf

анкет 149011 : http://www.migrationsverket.se/download/18.56e4f4801246221d25680002470/atutifran_148011_en.pdf

анкет 132011 http://www.migrationsverket.se/download/18.56e4f4801246221d25680002467/atmedsokande_132011_en.pdf

Үйлдвэрчний эвлэл : http://www.arbetsformedlingen.se/

цагаачлалын алба : www.migrationsverket.se

EURES : http://ec.europa.eu/eures/home.jsp?lang=sv

Kollektivavtal : http://kollektivavtal.lo.se/

 Ажлын эрх  : arbetstillstånd (AT-UND)

Удаан хугацааны амьдрах эрх : permanent uppehållstillstånd (PUT)

Түр хугацааны амьдрах эрх : tidsbegränsat – uppehållstillstånd (UT)

………………………………………………………………………………………………

“Мянга мянган зул ганцхан зулнаас гэрэлтэж болох ба тэр зулны амь нь богиносдоггүй. Аз жаргал бусдад хуваалцсанаар хэзээ ч багасдаггүй” ~ Будда

Нийтлэлийг бэлтгэсэн : Д. Наранхүү

Нийтлэлийг засварласан : Г. Жаргалан

Нийтлэлийг хянасан :  Швэд дэхь Монголчуудын холбооны тэргүүн Н.Номун-Эрдэнэ

Стокхолм хот, Швед   2011-02-01

  1. #1 by azaa on March 12, 2011 - 5:13 pm

    Sn bna yum asuux gesiinmaa. Ymar ved ajliin geree tsutslagddag we? Zvgeer zamiin zuuchilj ugsun xvn ajliin geree tsutslax erxtei yu? ene ved Swed-iin ymar xuuli vilchlex we? Tatwar gej xediig tuldug yum bol? ene tuhai medeelel ugwul sn bnaa. Minii geree xiilgej ugsun xvn geree tsutslana gej daramtlaad bgaa yum.

    • #2 by Sweden to Mongolia on March 12, 2011 - 9:43 pm

      Sain baina u, bayarlalaa. Bi ene talaar sain medehgui bolohoor Naranhuugiin hariultiig tavilaa.
      – ajiliin gereeni vizatai orj irsenii daraagaar ajil deeree ahin geree baiguulj ajil olgogch, ajilchin hoyul gariin useg zurdag. ene deer tsalin, gereenii hugatsaa, amraltiin tuhai bas nemelt zuiluud baij bolno. ene geree l hamgiin gol barih barimt.
      yamar neg baidalaar ajil olgogch ni chamaig ajilluulahaas tatgalzah esvel ajil ni dampuursan uyed 3 sariin dotor shine ajil oloh yostoi. herev 3 sariin dotor shineer ajil olj chadahgui bol swedees garah yostoi.
      bolj ugvul tatvar tuluhuu taslahguigeer sar bur hiij baihiig hicheegeerei.
      huuliin ondoo yamar zaalt baigaag medehgui baina, umguulugchtei uulzaj asuuh heregtei baih.
      tatvariin tuhaid bol minii olj avsan medeegeer tatvar tologchiin nas bolon tsalingaas ni hamaarch heden huviin tatvar tuluh ni todorhoilogdono. 21 nasnaas doosh bol tatvarin hungululttei.
      nasand hursen huni huvid dundajaar \nasnaas ni hamaarch heden huviin tatvar avah ni todorhoilogdono\:
      12000 -26%
      14000 -27%
      17000 -28%
      20000 -30%
      25000 -31%
      35000 -36%
      40000 -38%
      45000 -40%

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: